Өвлийн морин уралдааныг хийхгүй байх зөвлөмж хүргүүлжээ

Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх талаар Комиссын гишүүний зөвлөмж хүргүүллээ. Тус зөвлөмжид:

Комисс жил бүр хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх, хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх талаар Монгол Улсын Засгийн газарт удаа дараа зөвлөмж хүргүүлж байсан бөгөөд хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудлаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэлдээ оруулсан юм. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тус илтгэл болон Комиссын санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 13 дугаар тогтоолоор хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, хүүхдийг үл хайхрах, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх хууль тогтоомжийг шинэчилж сайжруулах, Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 28 дугаар тогтоолоор баталсан "Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” (MNS 6264-2011) стандартыг хангаж ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон билээ.

Гэвч Монгол Улсын Засгийн газар шийдвэр гаргаж өмнөх онуудад хүйтний улиралд хурдан морины уралдааныг зохион байгуулсан бөгөөд тус уралдааны үед хүүхэд мориноос унаж бэртэл, гэмтэл авсан тохиолдол гарсан байна. Жишээлбэл: Засгийн газрын шийдвэрээр Монголын морин спорт уяачдын холбооноос 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан Төвийн бүсийн хаврын хурдан морины уралдааны явцад нийт 16 хүүхэд мориноос унаж 2 хүүхдийн зүүн хөлний шилбэний хэсэг хугарч гэмтсэн тохиолдол гарсан бөгөөд тус уралдааны явцад Комиссоос байгуулагдсан ажлын хэсэг гарааны зурхайгаас бариа хүртэл хяналт тавьж ажиллах гэсэн боловч Замын цагдаагийн газрын алба хаагчид Комиссын үйл ажиллагаанд саад учруулж Комиссын гишүүний хуулиар баталгаажуулсан бүрэн эрхэд халдсан юм.

Мөн 2016 онд “Дүнжингарав-2016” Төвийн бүсийн хурдан морины уралдаанаас гадна Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн захирамжаар 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт “Нүүрэнтийн хурд” нэртэй хурдан морины уралдаан, Сүхбаатар аймагт 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус аймгийн “Жавхлант шарга” морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан хурдан морины уралдаан тус тус зохион байгуулах үеэр нийт 14 хүүхэд мориноос унасан тохиолдол гарсан байна.
Газар, зам харгуй хөлдүү, цас мөс, халтиргаа гулгаатай 11 сараас 5 сар хүртэлх өвөл, хаврын улиралд зохион байгуулж буй хурдан морины уралдаан болон уралдааны бэлтгэл болох үсэргээ, сунгааны үеэр хүүхдээр морь унуулснаас гар, хөл, хацраа хөлдөөх болон мориноосоо унаж биедээ бэртэл, гэмтэл авах зэргээр тэдний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулсан цөөнгүй тохиолдол гарсан.

 Мөн улс, бүс, аймаг, сумын наадам болон хүйтний улиралд хурдан морь унаач хүүхдийн амь нас хохирсон, олон арван хүүхэд гэмтэж бэртэн хөгжлийн бэрхшээлтэй болсон эмгэнэлтэй явдал дахин давтагдсаар байгааг Комисс тухай бүр анхааруулж ирсэн төдийгүй энэ асуудлаар НҮБ-ын Хүүхдийн сангаас албан ёсоор мэдэгдэл гаргасан билээ.

Монгол Улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 6 дугаар зүйлийн 2-т "Оролцогч улс нь хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана.", 24 дүгээр зүйлийн 3-т "Оролцогч улс нь хүүхдийн эрүүл мэндийг хохироох уламжлалт дадлыг устгах зорилгоор үр нөлөөтэй бөгөөд зохистой бүх арга хэмжээг авна." Гэж тус тус заасны дагуу Монгол Улсын төр Нэгдсэн Үндэстний Байгууллагын өмнө үүрэг хүлээсэн байдаг. Түүнчлэн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт "...Ашиг хонжоо олох, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадамд оролцуулахыг хориглоно..." гэж заасан байдаг.

Комисс 2016 онд хүйтний улиралд хурдан морины уралдааныг зохион байгуулахгүй байх талаар Комиссын гишүүний зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлж байсан боловч Засгийн газраас гэнэт шийдвэр гаргаж “Дүнжингарав 2016” хурдан морины уралдааныг Монголын морин спорт уяачдын холбооноос 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан билээ.

            Иймд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өвөл, хаврын (хүйтний улиралд) уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх, уралдаан зохион байгуулах тухай Засгийн газраас шийдвэр гаргуулахгүй байхыг хүсэж энэхүү Зөвлөмж хүргүүлэв гэжээ.

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу