“Самсунг” группын өв залгамжлагчийг дахин байцаана

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн нэр холбогдоод буй авлигын дуулиантай холбогдуулан тусгай прокурор “Самсунг” группын өв залгамжлагч И Жэ Ёныг дахин байцаахаар болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

И Жэ Ёныг өчигдөр дуудсан байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлсэнээр тэрбээр өчигдөр 9.30 цагт Ерөнхийлөгчийн хэргийн шалгах тусгай прокуроруудын байрлаж буй оффист хүрэлцэн ирсэн гэв.

Тэрбээр сэтгүүлчдэд “Би буруугүй гэдгээ нотлох болно” гэж хэлжээ.

Түүнийг өнгөрсөн сарын 22-нд Ерөнхийлөгчийн авлигын дуулиантай холбогдуулан байцаасан билээ. И Жэ Ёныг 22 цаг байцаасан ч хангалттай нотолгоо олдоогүй гэх үндэслэлээр сулласан юм.

“Самсунг” группын өв залгамжлагчийг Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн дотны найз болох Чой Сүн Силд 37.4 сая долларын авлига өгсөн хэмээн буруутгаж буй билээ.


Б.Дэлгэрцэцэг

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу