“Оюутолгойн санхүүжилт орж ирвэл ЭЗ 3.5 хувиар өснө”

МУИС-ийн Төгсөлтийн дараах сургуулийн захирал, эдийн засгийн ухааны доктор Б.Отгонтөгстэй ярилцлаа.

-Монголбанк бодлогын хүүгээ 1.5 хувиар бууруулж, 10.5 болголоо. Энэ нь урт хугацаанд эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

-Дөрөвдүгээр сард гаргасан бодлогын энэ шийдвэр үйлдвэрлэгч, өрх айл, банкны зээл, хүмүүсийн хадгаламжийн хүүнд, өөрөөр хэлбэл бодит амьдралд энэ оны 10-11 дүгээр сараас нөлөөлж эхэлнэ. Мөнгөний үржүүлэгчийн болон бодлогын шийдвэрт дасан зохицох хугацаа, нөлөө гэж бий. Иймээс шийдвэр гарсан даруйд үр дүн нь илэрдэггүй. Хүүг 10.5 хувь болгож буй нь эдийн засгийг идэвхжүүлэхийн тулд авч байгаа арга хэмжээ юм. Энэ арга хэмжээний үр дүн нь иргэд болон бизнесменүүдийн шийдвэрээс ихээхэн хамаарна. Иргэд хэрэглээгээ өсгөх үү, орон сууцны зээл авах уу, илүүдэл орлогоо хадгалуулах уу гэсэн шийдвэр гаргадаг. Тэгвэл бизнесменүүд эдийн засагт илүү нөлөөтэй томоохон үйл ажиллагаа явуулдаг. Манай улсын эдийн засагт нөлөөлөх гол шийдвэрүүд гурав болон дөрөвдүгээр улиралд гардаг. Тухайлбал, энэ үед бараа бүтээгдэхүүний импортын төсөөллөө гаргацгаана. Ирэх жилд төсвөөс санхүүжигдэх худалдан авалтын хэмжээ тодорхой болно. Бизнесийн шийдвэрүүдээс хамаараад банкуудын үйл хөдлөл тодорхойлогддог. Банкны хүү буурах тул нийт эрэлтийг өсгөж, бизнест эергээр нөлөөлдөг. Улмаар хумигдаж буй эдийн засгийг идэвхжүүлэхэд сайн нөлөөтэй. Бодлогын хүүг бууруулсны нөлөө 2017 ондоо үргэлжилнэ. Судалгааны дүнгээс харахад ийм байдал ажиглагддаг.

-Тэр үед дахиад шийдвэр гаргах хэрэгтэй болох нь.

-Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл жилд 5-6 удаа хуралддаг хуваарьтай. Ээлжит хурал ирэх сард болно. Энэ үе их чухал. Учир нь эдийн засгийн төлөв байдлын хагас жилийн тайлан гарчихна. Мөн 2017 оны төсвийн зураглал гарчихна. Уг хурлаас гаргах шийдвэр 2017 оны 2-3 сараас эхлэн 2018 онд нөлөөлнө.

-Өсөлт нь саарч буй эдийн засгийг идэвхжүүлэхийн тулд 1.5 хувиас ч илүүгээр бодлогын хүүг бууруулах хэрэгтэй гэж үздэг эдийн засагчид бий. Та үүнтэй санал нийлэх үү?

-Тийм бодолтой эдийн засагчид байгаа. Бодлогын шийдвэрээр нөлөөлөх гэж буй эдийн засаг нь хэр том мөнгөний зах зээл вэ гэдгээс хамаарна. Мөн ахиу гэдэг ойлголтоос хамаарна. Бодлогын хүү 1.5 хувиар буурсан нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг хэр өсгөж, зээлийн хүү, хадгаламж, нийт эрэлтийн хэрхэн өөрчлөх вэ гэдгээс шалтгаална. Үүнийг эдийн засагт мэдрэмж гэж нэрлэдэг. Бодлогын хүүг нэг хувиар өсгөхөд нийт эдийн засгийн эрэлт хэдэн хувиар буурах вэ, эсрэгээр нь бууруулахад нийт эрэлт хэрхэн нэмэгдэх вэ гэсэн харьцааг тодорхойлж байж их, багын тухай ярих хэрэгтэй. Зөвлөлийн гишүүд бодлогын хүүг их хэмжээгээр бууруулахыг дэмжээгүй. Яагаад гэвэл, энэ болон ирэх оныхоо нөхцөл байдлыг бодох хэрэгтэй. Бид тэр үед нэг тэрбум ам.долларын өр төлнө. Мөн төсвийн байдлаа бодох хэрэгтэй. Хэрэв төсөв алдагдалгүй байсан бол бодлогын хүүг 2-2.5 хувиар бууруулж болох байсан. Төсөв алдагдалтай, үүнийгээ зээлээр санхүүжүүлж байгаа тохиолдолд эрсдэлтэй алхам хийж болохгүй. Төв банк эдийн засгийн бүх талыг харж тооцоолж байж шийдвэр гаргадаг. Гадаад тэнцлээ харах хэрэгтэй. Гадаадад төлөх төлбөрөө, орох урсгалаа харах хэрэгтэй гэсэн үг. Гадаад, дотоод тэнцлээ тооцоолж байгаад бодлогын хүүгээ тогтоох ёстой. Сэтгэлийн хөөрлөөр ч юм уу, эдийн засгаа дэмжиж байна шүү гэж сонгуулийн өмнө аж ахуй эрхлэгчдэд таалагдахын тулд их хэмжээгээр бууруулж болохгүй. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт саарчихсан үед эерэг дохио өгч, эдийн засгийн эрэлтийг өсгөх хэрэгтэй гэсэн эдийн засагчдын саналыг онолын багшийн хувьд дэмжиж байна. Гэсэн ч эрсдэл өндөр учир их хэмжээгээр бууруулж болохгүй гэсэн байр суурь баримтална.

-Бодлогын хүүг 1.5 хувиар бууруулсан далайц эдийн засгийг хэр идэвхжүүлэх бол?

-Далайц хамгийн түрүүнд банкны зээлийн хүүнд мэдрэгдэнэ. Цаашлаад инфляц, мөнгөний нийлүүлэлт, эдийн засгийн өсөлт, валютын ханшид нөлөөлнө. Эдгээр нь макро эдийн засгийн гол үзүүлэлт.

-Эдгээр үзүүлэлтийн алинд нь эергээр, алинд нь сөргөөр нөлөөлөх вэ?

“Оюутолгой” төслийн санхүүжилт орж ирвэл энэ онд эдийн засаг 3.5 хувиар өснө.

-Бодлогын хүүг бууруулсан нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх эерэг нөлөөлтэй. Хүү багасахаар аж ахуйн нэгжүүдийн зээл авах сонирхол нэмэгдэж, мөнгөний нийлүүлэлтийг өсгөнө гэсэн үг. Сүүлийн жилд мөнгөний нийлүүлэлт багассан байгаа. Бодлогын хүү буурсан нь инфляцад сөрөг нөлөөтэй гэж үзэж байна. Бид сүүлийн нэг хоёр жил орчимд нам дор инфляцтай байлаа. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх тул инфляц өсөх хандлагатай болно. 1.9 хувь биш, 2.9 хувиас дээш өсөх ч юм уу. Банкуудын олгож буй зээлийн хүү багасах эерэг нөлөөтэй. Нөгөө талаас хадгаламжийн хүү ч доошилно. Энэ талаас нь харвал төгрөгийн үр өгөөжийг хумьж байгаа хэрэг. Төгрөгөөр хадгалуулахаар үр өгөөж нь хумигдах учраас хүмүүс ам.доллароор хадгалуулах сонирхолтой болж магадгүй. Эдийн засаг долларжих сөрөг нөлөө бий. 1.5 хувь буюу бодлогын хүүг нэлээд далайцтай хэмжээгээр бууруулсан нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй. “Оюутолгой” төслийн санхүүжилт орж ирвэл энэ онд эдийн засаг 3.5 хувиар өснө. Харин валютын ханшид сөрөг нөлөөтэй. Төгрөгийн ам.доллартой харьцах ханш өснө гэсэн үг. Яагаад гэвэл зээл нэмэгдэх учраас тэр. Аливаа зээлийн 50 орчим хувь нь импортыг санхүүжүүлдэг тул ам.доллар, юанийн эрэлтийг өсгөдөг. Эрэлт нэмэгдэхээр ханш нь өснө.

-Таны ярианаас төсөв алдагдалгүй, ам.долларын урсгал сайн байсан бол эдийн засгийг өсгөх илүү далайцтай бодлого баримталж болох байжээ гэсэн логик гарч байна.

-Тийм. Төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хоёр хувиас хэтрээгүй, орлого нь тогтвортой, гадаадын шууд хөрөнгө оруулалт сайн байсан бол 1.5 биш, 3-4 хувиар бууруулах орон зай байсан. Инфляц 1.9 хувь буюу нам дор байгаа нь ийм боломж олгосон хэрэг. Гэтэл төсөв их алдагдалтай, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ бага байгаа учраас ингэх боломжгүй. 3-4 хувиар бууруулсан бол үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүд, цаашлаад эдийн засагтаа үнэхээр хэрэгтэй байсан. Харамсалтай нь нэг талд үйлчлэхээс илүү, олон талын хүчин зүйлийг тогтворжуулах шийдвэр гаргах нь чухал.

-Та эдийн засаг 3.5 хувиар өснө гэсэн таамаг дэвшүүллээ. Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд манай эдийн засгийн өсөлтийг нэг хувьд ч хүрэхгүй гэж таамагласан. Яагаад өөдрөгөөр төсөөлж байна вэ?

-3.5-3.6 хувиар өсөх болов уу гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, бодлогын хүүгийн нөлөө гуравдугаар улирлын сүүлч, дөрөвдүгээр улиралд хүчтэй мэдрэгдэнэ. Хоёрдугаарт, “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу явна гэж байгаа. Дор хаяж 500 сая ам.долларын хөрөнгө энэ жилдээ, дараа жил нэг тэрбум ам.доллар оруулж ирнэ. “Оюутолгой”-н нөлөөгөөр гадаадын бусад хөрөнгө оруулалт нэмэгдэх тул нийт эрэлтийн болон мөнгөний үржүүлэгчийн нөлөө, гадаад тэнцвэрт үзүүлэх эерэг нөлөө эдийн засгийг идэвхжүүлнэ.

-Инфляцаа нам түвшинд удаан хадгалж чадах болов уу. Инфляц нам түвшинд байгаа нь эдийн засагт хамгийн том эерэг дохио өгч байна шүү дээ.

“Инфляцын тогтвортой, доогуур түвшин нь итгэлцлийг үүсдэг”

-Удаан хугацаанд инфляцаа нам түвшинд барихын төлөө бодлогын хүүгээр, зайлшгүй хадгалах мөнгөний норм, мөнгөний бодлогын нээлттэй арилжаагаар зохицуулж ирсэн. Монголбанк сүүлийн жилүүдэд уламжлалт бус арга хэрэгсэл буюу үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг нэг түвшинд барилаа. Инфляц нам дор байгаа нь Монголбанкны хэрэгжүүлж буй бодлогоос гадна хүмүүсийн үйл хөдлөлтэй ч хамаатай. Эдийн засгийн өсөлт саарангуут хүмүүс бараа бүтээгдэхүүн худалдан авахаа багасгасан. Эрэлтийн инфляц үнэхээр буурсан. Мөн нийлүүлэлтийн гаралтай инфляц ч хумигдсан. Мөнгөний уламжлалт бус бодлогоор шатахуун, мах, гурилын үнийг барьчихлаа шүү дээ. Энэ хоёрын нөлөөлөл инфляцыг бууруулсан хэрэг. Цаашид ч инфляц зорилтот түвшиндээ байх болно.

Инфляц нам түвшинд байгаа нь хоёр талтай. Энэ бол макро эдийн засаг, аж ахуйн нэгж, өрх гэрүүдэд сайхан зүйл. Юу нь сайхан юм бэ гэхээр бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөхгүй гэсэн хүлээлтийг эдийн засагт бий болгодог. Хүнсээ худалдан авдаг эзэгтэй, байр, машин худалдаж авах шийдвэр гаргадаг өрхийн тэргүүн, бараа импортлогч хэн нь ч үнэ огцом өсвөл чиглэлээ алдчихдаг. Тэгээд “яах бол” гээд болгоомжлоод эхэлдэг. Инфляцыг тодорхой хугацаанд нэг оронтой тоонд барьчихаар хүмүүс ирээдүйдээ итгэлтэй шийдвэр гаргаж байна. Үнэ зах зээлийн хуулийн дагуу хүмүүсийн эрэлт хэрэгцээнээс шалтгаалж тогтсон үед инфляц нам дор байвал эдийн засагт итгэлцэл тогтоно. Аж ахуйн нэгжүүдийн хоорондоо хийж буй гэрээ итгэлтэй, урт хугацаатай болно. Инфляц 10 хувиас давах, үнэ хурдан өсөхөд богино хугацааны л хэлцлүүд хийгдэнэ. Харин нам дор байвал хүмүүс зээл авах, хөрөнгө оруулалт хийхдээ итгэлтэй болно. Эдийн засагт итгэлцэл маш чухал. Инфляцын тогтвортой, доогуур түвшин нь итгэлцлийг үүсдэг. Инфляц нь огцом өсдөг, тогтворгүй эдийн засагтай оронд гадаадынхан хөрөнгө оруулдаггүй. Гадаадын бүү хэл, дотоодынхон ч хөрөнгө оруулдаггүй.

Нөгөө талаас инфляц урт хугацаанд бага байх нь бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хумих сөрөг талтай. Үнэ өсөж байвал нийлүүлэгчид илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд худалдах сонирхолтой байдаг. Харин үнэ өсөхгүй бол шинээр өөр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, инноваци шингээсэн зүйл хийхээс татгалзана. Махны үнэ сүүлийн жилүүдэд хямд байлаа. Ингэхээр малчид малынхаа тоо толгойг илүү ихээр өсгөх, чанарыг нь сайжруулах сонирхолгүй болно. Махны үнэ өсвөл, илүү ихээр экспортолбол малчид малдаа тарилга, туулга хийнэ, хүнсний стандартыг хангахыг хичээнэ. Ер нь үнэ, инфляц зах зээлийн жамаар тогтох нь чухал. Уламжлалт бус арга хэрэглэн шатахуун, мах, цахилгааны үнийг хүчээр барьж, инфляцыг хумих нь урт хугацаанд эдийн засагт хохиролтой тул уг арга хэмжээг зогсоосон.

Их сурвалж: www.news.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу