Төсвийн тодотголыг өргөн барив

Гадаад, дотоодын эдийн засгийн нөхцөл байдлын улмаас эдийн засгийн идэвхжилт суларч, 2016 оны макро эдийн засгийн төсөөлөл буурахаар байна. Монгол Улсын 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1,669.6 тэрбум төгрөгөөр буурахаар байгаа бөгөөд 2016 оны төсөв батлагдсанаас хойших хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулганаар баталсан хууль эрх зүйн орчны өөрчлөлт, мөн Засгийн газраас гаргасан шийдвэр болон бусад гадаад болон дотоод хүчин зүйлийн улмаас төсвийн зарлага нийт дүнгээр 2,372,4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-ий -20.6 хувьд хүрэхээр байгаа нь 2016 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй нөхцөлийг үүсгэсэн болохыг Сангийн сайд танилцуулав. 

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталсантай холбогдуулан зохих өөрчлөлтийг 2016 оны төсвийн тодотголд тусгах шаардлага үүсчээ. 

Төсвийн тухай хуулийн 34.1.2-т “урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх тохиолдолд”, мөн 34.1.4-т “Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх тохиолдолд” гэж тус тус заасныг үндэслэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулиар сангийн орлогыг 1,329.8 тэрбум төгрөгөөр, сангийн зарлагыг 1,707.1 тэрбум төгрөгөөр, улсын төсвөөс олгох санхүүжилтийг 321.7 тэрбум төгрөгөөр тус тус баталсан. Тус сангийн 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, хууль эрх зүйн орчны өөрчлөлт болон Засгийн газрын шийдвэрийн дагуу нэмэгдэх орлого, зарлагын өөрчлөлтийг төсвийн тодотголд тусгаснаар НДС-ийн нийт орлогыг 1,257.1 тэрбум төгрөгөөр, сангийн нийт зарлагыг 1,787.5 тэрбум төгрөгөөр, улсын төсвөөс тус санд олгох татаасын хэмжээг 494.9 тэрбум төгрөг байхаар тус тус тооцож, тусгасан байна. 

Мөн гадаад зах зээл дээр уул, уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурсан, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2016 оны төсвийн жилд үргэлжлэн суларч байгаа зэрэг эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт тодорхой өөрчлөлтүүдийг хийхээр төсвийн тодотголд тусгасан байна. 

Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголын дээр дурдсан өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 1,669.6 тэрбум төгрөгөөр буурч 5,344.3 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн зарлага ба цэвэр зээлийн дүн 1,787.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 9,741.4 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт алдагдал 4,397.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний -18.2 хувьтай тэнцэж байгаа болохыг Сангийн сайд Улсын Их Хурлын даргад танилцууллаа. 

Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ний -18.2 хувьтай тэнцэхээр байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.6 дугаар зүйлд заасан “нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2016 онд тухайн жилийн ДНБ-ий 4 хувиас хэтрүүлэхгүй байна” гэсэн заалтад нийцэхгүй байгаа хэдий ч үүсээд байгаа эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудад өөрчлөлт оруулах шаардлага тулгарчээ. 

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжлийн сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудад өөрчлөлт оруулах төслүүдийг мөн өргөн мэдүүллээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу