Харамсахгүйн тулд идэвхтэйхэн бүртгүүлээрэй дээ

Өнгөрсөн долоо хоногт олон хүнийг нэгэн зэрэг баярлуулсан үйл явдал боллоо. Тэр бол НӨАТ-ын буцаан олголт. Өглөө босоход л дансанд нь хэдэн төгрөг орчихсон байхаар хүмүүс баярлалгүй яах вэ дээ. Түүнийгээ ч сошиалаар илэрхийлж, өдөржин баярласан хүмүүсийн дунд өнжлөө. Баярлаж буй хүмүүсээс гадна баримтаа бүртгүүлсэн хэрнээ дансанд нь мөнгө ороогүй хүмүүс жаахан гомдонгуй байсныг дурьдах хэрэгтэй биз. Тэгэхдээ энэ сарын 07-ыг хүртэл өдөр бүр 50 мянган хүний дансанд НӨАТ-ын буцаан олголт орох болохоор гомдоод хэрэггүй юм. Түүгээр ч барахгүй бүүр мөнгө авах эрхгүй хүмүүс байсныг ч энд онцолмоор байна.

Учир нь 2016 оны нэгдүгээр сарын 01-ээс мөрдөгдөж эхэлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ хэмээн заасан. Түүгээр ч барахгүй Сангийн сайдын тушаалаар Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам бат­лагд­сан.

НӨАТ-ын сугалаа явуу­лах үйл ажил­ла­гааг орон даяар сар бүрийн гурав дахь ням гара­гийн 19:00 цагт олон ний­тийн мэ­дээл­лийн хэрэгслээр шууд дам­жуулж, чамгүй олон хүн овоо хэдэн төг­рөг­тэй болж, амьжиргаандаа нэ­мэр болсон. Ерөнхийдөө өн­гөр­сөн оноос эхлэн аж ахуйн нэгж, бай­гуул­ла­гуу­дын зүгээс үйлчлүүлэгч, худал­дан авагч иргэдэд е-баримт хэвлэж өгөх үүрэг хүлээн, иргэд төлсөн НӨАТ-ын хоёр хувиа эргүүлэн урамшуулалд авахаар болсон.

Тэгвэл, НӨАТ-ын буцаалт авсан хүмүүсийн дотор зөвхөн өөрийнхөө баримтыг бүртгүүлж байсан хүмүүсээс гадна өрөөлийн баримтыг бүртгүүлсэн хүн ч гарсан. Тэр дундаа дэлгүүр, колонкийн ажилтнууд овоо башийсан сураг байсан. Ямар ч байсан ebarimt.mn сайтад хандаж, хамгийн их баримт бүртгүүлсэн хүмүүс овоо хэдэн төгрөгийн буцаалт аваад баярлаж үхэх гэж байна, цаана чинь. Харин буцаан олголт авах эрхгүй болсон хүмүүс нэг ёсондоо өөрийнх нь орлого ил болж, цаашлаад асуудалд орж мэднэ гэж хаширласан хүмүүс байсан нь тодорхой.

Анх НӨАТ-ын тухай хууль хэрэгжээд хүмүүс бужигнаад л баримтаа бүртгүүлээд, хөөрч байхад “Миний орлого ил болно, одоо биш гэхэд дараа ямар нэг юм гарцаагүй болно” гэж хаширласан улсууд цөөнгүй байсан. Тиймээс ч тэд баримтаа бүртгүүлээгүй. Угтаа бол баримтаа бүртгүүлнэ үү, болино уу хүний эрх гэх л байх.

Тиймээс ч баримтаа бүрт­гүүлж буй хүмүүсийг “тэнэг” гэж бодоцгоосон нь нууц биш. Зарим нь ч хоёр хувийн төлөө бөөн ажил гэж байсан. Үнэндээ бол төр дээрх хаширласан нөхдүүдийн орлогыг бус татвараас нуугдаж, бултдаг худалдаачдыг л хянах зорилготой байсан. Дээрх хуулийн зорилго ч тийм гэдгийг ухуулсан. Үгүй яах вэ, өнгөрөгч дөрвөн жил засгийн эрх барьсан АН-ыг нэг хэсэг амтай болгон шүүмжилж, муулж байсан хэдий ч тус намын зүгээс ард иргэдэд чиглэсэн олон ажлуудыг хийж байсны нэг нь НӨАТ-ын буцаан олголт байсныг одоо дурсан ярих хүн олширлоо.

Угаасаа НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлс­нээс хойш татварын бай­гуул­лагад асар их үр өгөөж өгө­хийн зэ­рэг­цээ төлөвлөгөөгөө бүр да­вуу­лан биелүүлсэн байгаа юм. Өмнө нь татварын байцаагч нарын шахаж, шаардаад бүрдүүлж чаддаггүй байсан ажлыг энэ хууль хэрэгжсэн цагаас л иргэд шахаж, шаардаад давуулан биелүүлж орхисон нь үнэн.

Тиймээс өнөөдрөөс эхлээд баримт хэвлэж өгдөггүй газруудаас баримтаа шаардаж, эргээд харамсахгүйн тулд идэвхтэйхэн бүртгүүлээрэй дээ. Зах, худалдааны төвүүдээс ч баримт авах хэрэгтэй гэдгийг иргэн бүр ойлгох шаардлагатай байна. Угтаа бол та бүхэн өөрийнхөө төлсөн мөнгөний хоёр хувийг буцааж авахын зэрэгцээ улсад татвар төлөх ёстой олон компани, аж ахуйн нэгжүүдийг хамтдаа шахаж шаардах хэрэгтэй юм. Эцэст нь дүгнээд хэлэхэд, НӨАТ-ын урамшууллын систем жинхэнэ нүдээ олсон оновчтой ажил болж чаджээ.

Эх сурвалж: Mminfo.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу