"Willis tower"-ыг засварлахад 500 сая доллар зарцуулна

АНУ-д өндрөөрөө хоёрдугаарт ордог Чикаго хотын Виллис тауэрыг /Иллинойс муж улс/ сэргээн засварлах, мөн хэсэгчлэн өргөтгөхөд 500 сая доллар шаардлагатай гэж Чикаго хотын дарга Рам Эмануэль мэдэгдлээ.

Түүний хэлснээр, барилгын ажил энэ улиралд эхлэн 2019 онд дуусах ажээ. Тэнгэр баганадсан энэхүү өндөр барилгын зургаан давхарт нь кинотеатр, ресторан, дэлгүүр бүхий бүхэл бүтэн цэнгээний бүс тусгайлан гаргаж тохижуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн 103 давхарт байрлах хотыг тольдон харах талбайг өргөтгөх аж. Энэ төлөвлөгөө нь Чикаго хотын оршин суугчид, зочдод зориулан уг барилгын өнгө үзэмжийг сайжруулахад чиглэжээ.

“Өндөр дээрээс хотынхоо түүхэн хэсгийг огт харж байгаагүй хүүхдүүд олон бий, тэд оффисийн барилгуудыг харж байгаагүй, лифтээр нь тоглож байгаагүй. Тэгэхээр бид энэхүү дурсгалт газрыг өсвөр үеийнхний амьдралынх нь нэг хэсэг болгохыг зорьж байна” гэж хотын дарга онцлон дурджээ.

Уран барилгач Брюс Грэмийн зураг төслөөр барьсан Виллис тауэр нь анх 1974 онд ашиглалтанд орсон байна. Уг цамхаг  нийтдээ 108 давхартай, өндөр нь 442,1 метр, дээврийн антенныг нь оролцуулан тооцоход 527 метрт хүрдэг байна.

Ашиглалтанд орсон үедээ уг барилга энэ үзүүлэлтээр Нью-Йоркийн Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхагийг гүйцэн түрүүлж АНУ-д төдийгүй дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байжээ. Харин одоо Виллис тауэр өндрөөрөө дэлхийд 14 дүгээрт, АНУ-д 2 дугаарт орж байгаа юм байна.  

                                                                                                              О. Барс

Эх сурвалж: Монцамэ

 
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу