Хүйтний эрч чангарч шөнөдөө 35-43 хэмд хүрнэ

Сибирээс ирж буй хүйтэн агаарын нөлөөгөөр энэ амралтын өдрүүдэд зарим нутгаар цаг агаар эрс хүйтэрнэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Хүйтэн агаарын нөлөөгөөр шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хагаст цас орж хүйтний эрч чангарах нь. Тодруулбал, өнөө шөнө Өвөрхангай, Булган, Төв аймгийн өмнөд хэсэг, Дундговь, маргааш өдөр Төв, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч, хүчтэй цасан шуурга шуурах аж.

Харин амралтын өдрүүдэд Зүүн аймгуудын нутгаар цас орж агаарын температур энэ сарын 30-ныг хүртэлх өдрүүдэд 10 орчим хэмээр чангарна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Хэрлэн зэрэг томоохон голын хөндийгөөр шөнөдөө 35-43, бусад нутгаар 19-34 хэм хүйтрэх юм.

Иймд:

-Хүчтэй салхи шуурганы үеэр эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, иргэд холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;

-Амралтын өдрүүдэд (01 дүгээр сарын 28, 29) цаг агаар муудах тул төв, орон нутгийн ерөнхий боловсролын удирдлага, багш, эцэг, эхчүүд хүүхдийг хяналттай байлгаж, гэртээ харих унааны аюулгүй байдлыг хангах, хүчтэй салхи шуургатай, хүйтний эрч чангарах тул дулаан байранд нь байлгах асуудлыг шийдвэрлэх;

-Цас орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гардаг тул холбогдох мэргэжлийн байгууллагууд хүч хэрэгслийг тодотгон бэлэн байдлаа хангах;

-Хүчтэй салхи шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин замд олноор саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд сураггүй болох, төөрөх зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул шаардлагатай тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллагуудын шийдвэрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийдэг тул Онцгой байдлын ерөнхий газрын 325726, 265726 дугаарын утсанд холбогдож мэдээлэл авахыг зөвлөж байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу