“Мобиком”-оос худалдаж авсан G7 утас системийн алдаатай байсан гэв

Мобикомын салбараас шинэ утас худалдан авч хохирсон иргэн манай сайтад хандаж мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Samsung G7” загварын хоёр ширхэг гар утас лизингийн үйлчилгээнд хамрагдан худалдан авчээ. Гэтэл шинэ утас нь удалгүй алдаатай, хэрэглэж болохгүй болсон байна. Энэ талаар Мобикомын салбарт хандахаар “Засаад эргүүлэн өгнө” гэсэн хариу өгчээ. Тус иргэн шинэ утасны мөнгөөр засвартай утас барих болсон тухайгаа учирласан юм. Иргэн Н.Төгсөөтэй ярилцсанаа хүргэж байна.

 

-ШИНЭ ХУДАЛДАЖ АВСАН УТАС ОДОО ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ БАЙНА- 

-Та Мобикомын салбараас ямар утас авсан юм бэ?

-Би анх Мобикомын салбараас G7 гэсэн загварын утас худалдан авсан. Гэтэл удалгүй хоёр долоо хоногийн дараа сүлжээгүй, ярьж болохгүй эвдрэл гараад ирсэн. Энэ загварын утсууд бүгд ямар нэгэн гажигтай. “Samsung”-аас албан ёсоор авч борлуулж байгаа учраас мэргэжилтнүүд ирж хамтран утсуудын доголдлыг янзалж байгаа юм билээ. Гомдол гаргаад очихоор энэ загварын утсуудыг иргэдээс буцааж аваад, долоо хоногийн хугацаанд ямар гэмтэлтэйг нь тогтоож, программыг нь солиод, буцааж өгнө гээд байгаа юм. Мобикомын  4GLT  гээд сурталчлаад байгаа нь энэ утсанд сайн орж сүлжээ барьдаггүй гэж ярьдаг юм байна лээ, мэддэг хүмүүс нь. Энэ “Samsung G7” нь ярьж байхад гэнэт тасардаг. Тэгсэн хэрнээ минут нь яваад, хүний дуу сонсогдохгүй болчихдог.

-Яг хэзээ худалдаж авсан бэ?

-Би 12 сард энэ загварын утаснаас хоёр ширхэгийг 400-500 мянган төгрөгийн үнээр авсан. Сарын төлбөр дээрээ нэмж мөнгө төлдөг лизингийн үйлчилгээ юм.  Дугаар барьцаалж утас авсан гэсэн үг. Би авснаасаа хойш тодорхой хэмжээгээр мөнгө төлөөд яваад байдаг. Гэтэл энэ шинэ гээд авсан утас чанарын шаардлага хангахгүй байгаа. Шинэ гээд л хайрцаг савтай нь гэрээ хийж авсан юм. Авснаасаа хойш ямар ч асуудалгүй мөнгөө төлөөд явсан. Хэрэв төлөхгүй бол миний дугаарын эрхийг хаачих учраас шүү дээ.

-Мобиком дээр очиж хэлэхээд танд ямар хариу өгдөг вэ?

-“Энэ утас ийм гажигтай байна” гээд хэлэхээр “Та утсаа үлдээчих. Бид долоо хоногийн дотор утсыг чинь шалгана. Хэрэв доголдол гарвал PLAT гэдэг юмыг нь солиод, эргүүлээд өгнө” гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл надад задарсан засвар орсон утсыг шинэ утасны үнээр зарж байгаа гэсэн үг. Гэтэл “Samsung”-гийн зүгээс юу гэж хэлдэг вэ гэхээр энэ утас асуудалгүй. Ганцхан Монголын зах зээл дээр гараагүй. Дэлхийн улсуудад зэрэг зарсан  бусад улсад зүгээр байгаа гэж байна лээ. Манайд Мобикомын дугаар хийгээд ярих гэхээр алдаа гараад байдаг. Цаад “Samsung”-гийн зүгээс Мобикомын 4GLT асуудал гарч байгаа гэсэн тайлбар хэлээд байгаа юм.

-Энэ загварын утастай бүх хэрэглэгч ийм асуудалтай байгаа гэсэн үг үү?

-Гар утас засварын төв дээр нь очиход дийлэнх гомдлын 70-90 хувь нь дан энэ утас гэмтэлтэй байна гэсэн гомдол байсан. Засварын төвийн ширээн дээр нь энэ утсыг бөөнөөр нь хураачихсан байсан. Дандаа “Энэ утас гажигтай байна” гэж буцаасан утас байсан юм.

-Гэрээндээ буцаана гэсэн заалт оруулаагүй байсан уу?

-Тийм заалт байхгүй байсан. Мобикомын талаас гэрээг гаргасан учраас миний зүгээс гэрээнд гарын үсэг л зурсан. Харин гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулах эрх субъектив талаасаа байхгүй. Дараа төлбөрт хэрэглэгч нарыг утасжуулах аян гэж зарлаад, маш олноор нь зах зээл дээр нийлүүлсэн. Одоо болохоор шалгана гээд бүгдийг нь хураагаад авчихсан байгаа юм. Маш олон утсаа буцаасан маш олон хэрэглэгч хохирч байна.

-Та утсаа янзлуулж буцааж авсан уу?

-Би утсаа үлдээчих засаад эргүүлээд өгнө гэхээр нь өгөөгүй. Одоо байнга тасраад, гацаад, хэрэглэхэд төвөгтэй ч бариад л явж байна. Утсаа солино гэхээр тэр бүр боломж болж өгөхгүй байна. Хамгийн гол нь маш олон хүн ийм байдалд байгаа. Засаад эргүүлээд өгнө гэдэг чинь засвартай утсыг бид шинэ утасны мөнгөөр авч байна гэсэн үг биз дээ. Тийм болохоор ингэж иргэдийг хохироож болохгүй гэж бодож байна.

МОБИКОМ: МАНАЙ ТАЛААС ЯМАР Ч АСУУДАЛ БАЙХГҮЙ 

Бид энэ талаар Мобиком корпарацийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн н.Чинзоригоос тодрууллаа.

-Танай шинээр зарж буй утсууд гэмтэлтэй байгаа талаар иргэнээс гомдол мэдээлэл ирлээ. Энэ загварын хэдэн утас борлуулсанаас хэд нь буцаагдаад байгаа вэ?

-Яг хэдэн ширхэгийг зарсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан манай талаас “Samsung” компанитай гэрээ хийж, утас борлуулдаг. Бид дамжиж зардаг гэсэн үг. “Samsung G7” утас хоёр төрлийн загвартай байдаг. Нэг нь 4G  дэмждэггүй, нөгөө нь 4G дэмждэг гэсэн хоёр өөр төрөл зарагдаж байгаа. Эвдрэл гарсан гэсэн утсыг бид эргүүлэн авч, засварын төв дээрээ янзлаад, ямар ч асуудалгүй болгоод эргүүлэн өгдөг. Засаад дахин асуудал гарах юм бол эргүүлэн авч сольж, шинэ утас өгөөд иргэнийг хохиролгүй болгодог. Хэрэв үнэхээр иргэн худалдаж авсан утас болохгүй байна гэж үзвэл “Samsung” компанид хандсан дээр байх. Манай талаас ямар ч асуудал байхгүй.

-Гэрээ хийж, шинэ утас зарсан байна. Гэтэл яагаад засвар орчихоод байхад шинэ утасны үнээр мөнгөө эргүүлэн аваад байгаа юм бэ?

-Манайх тухайн компанитай гэрээ хийж борлуулдаг. Манайх шаардлагатай гэж үзвэл буцаадаг. Буцаах утсаа баримтжуулаад эргүүлэн өгдөг юм. Бүх төрлийн техник ямар нэгэн доголдолтой байдаг. Ийм асуудал гарвал шинэ утсаар сольж өгнө шүү дээ.

У.УРАНЦЭЦЭГ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу