5-р сарын 23 9 цаг 17 минут Оффшорын эсрэг хуулийг хэлэлцэнэ

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг нийтэд зарлаж, манай улсын нэр дээр 49 иргэн, компанийн оффшор дансны мэдээлэл дэлгэгдсэн юм. Төрийн албаныхан, улс төрч, бизнесмэн болон хамаатан садан, танил талынхаа нэр дээр оффшор бүсэд данс нээлгэсэн нууц ноёнтонгуудыг Авлигатай тэмцэх газарт шалгаж эхэлсэн. Мөн энэхүү асуудалтай холбоотойгоор өргөн баригдаад гурван жил болсон ч хэлэлцэлгүй өдийг хүрсэн оффшорын эсрэг хуулийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан өргөн барьж энэ долоо хоногот хэлэлцүүлэхээр болсон байна. Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэх юм. Энэхүү хуульд төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдэнд хамаарад бүхий хүмүүс оффшор бүсэд данстай байхыг хориглосон заалт багтсан байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Панамын оффшорын мэдээлэл задарсантай холбоотойгоор Дэлхийн томоохон орнууд мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлсэн байна. Европын холбоо, Япон, БНХАУ зэрэг орон оффшорт мөнгө нуусан албан тушаалтнуудаа мөрдөн шалгах, тайлбар мэдүүлэг авах ажлаа эхлүүлсэн гэдгээ зарлаж байна. Монгол Улс ч мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлэх ёстой гэдэг байр суурийг бид барьж, чиглэл өгсөн. Мөн 2013 оны нэгдүгээр сард өргөн барьсан Оффшорын эсрэг хуулийн төслийг дахин хэлэлцүүлэгт оруулж, батлуулахаар болж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд оффшорт мөнгө хадгалах, данс нээхийг энэ хуулийн төсөл дээр хориглож өгсөн. Мөн тэдний хамаарал бүхий этгээд оффшорт данс нээх, мөнгө хадгалах, хөрөнгөө нуух, татвараас зугтахыг уг хуулийн төсөл дээр хориглосон” гэж мэдээлсэн юм.

Их сурвалж: www.zaluu.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу